Sunday, January 24, 2010

Би нь МОНГОЛдоо...

за би нь ойрд энэ блог гээчид нь орж ирэлгүй их уджээ. Ямартаа ч төөрсөөр төрөлдөө гэж яаж ийж байгаад МОНГОЛдоо ирлээ. Хичнээн сэтгэл хангалуун байна гээч. Манай таванамт мөн их уянгын халил болох юм аа. Би нь энэ хүнтэй сайн найзууд гэдэгтээ заримдаа итгэхэд ч бэрх байх юм. Байнга л утга уянга шүлэг дуулал болсон энэ хүний дэргэд би гэдэг чинь нэг л модон хөшөө.
Ирлээ гээд хөөрөөд хэдэн найз нартайгаа сууяа гээд нэг гарсан биш аниа тас компаны захирал болоод хөөрхий хэн нэгэнд шал хэрэггүй үг олон хэлсэн бололтой. Зарим нэг нь гомдоллоод байх юм. Гэтэл би гэдэг чинь уг нь уянгын халил муутайм болохоороо үгийн сонголт муутай. Тэрэндээ ч бодож байснаа хэлээд тавчихсан биз.
МОНГОЛдоо ирнэ гэдэг миний хувьд хичнээн сайхан байгааг, найз нараа хараад хичнээн баярлаж догдолсныг тэд анзаарсангүй. Нэг л том хүмүүс, биеэ цэнэж хэн намайг юу гэх бол гэсэн янзтай. Уг нь уулзаагүй удсан юм чинь хэн хэнийгээ гэхгүй сайхан уулзалт болох байх гэж мөн ч их найдсансан. :(
Намайг тэр холоос ирэхийг минь миний муу таван амт, ээж 2-с минь өөр хэн ч хүлээгээгүй бололтой. Өөр хэн ч хүлээх билээ дээ... Гэхдээ МОНГОЛдоо ээжтэйгээ таванамттайгаа байх сайхан байна аа...

Thursday, January 14, 2010

Бүгдэд нь амжилт хүсье!


Намайг таних бас танихгүй эрэгтэй, эмэгтэй гэрлэж, хайраа олж амжаагүй бүх хүмүүст ийм л хайрыг олоорой гэж хүсье!

Бүх ганц бие найзууддаа


Би зүгээр л зүрх хайж яваа хайр байна.Зүрхэнд чинь өрөө хөлслөх гэсэн юм. Түрээсэнд нь хувирашгүй сэтгэл үүрдийн хайраа өгье! Төлбөр нь таалагдаж байвал хариу бичээрэй. Гэхдээ би ганцхан өрөөтэй зүрх хайж байна. Гэгээлэг наран талдаа цонхтой байх ёстой шүү!


Таван амт

Monday, January 11, 2010

Би уйлж байна
Би өвдөж байна
Би шаналж байна
Би сүнс юм байна


Таван амт

Үргэлжлэл

Би урсаж байна
Чимээгүйхэн алгуур алгуурханаар урсаж байна
Би лаа юм байна

Би замхарч байна
Сэмхэн аяар аяарханаар замхарч байна
Би зэрэглээ юм байна

Би үхэж байна
Өчүүхэн бага багаар үхэж байна
Би хүн юм байна

Үгүй ээ...
Би би би...
Би хэн юм бэ?


Таван амт

Хэзээ ч юм нэг өдөр тэмдэглэлийн дэвтэртээ ингэж бичиж...

Цээжинд зүрх булгилна
Тархинд бодол буцална
Чи хэн юм бэ?
Чи хэн юм бэ? гэж бүгд асууна
Харин тэр хариуг би
Хаанаас ч олж чадсангүй


Таван амт

Wednesday, January 6, 2010

БИ ДУРГҮЙ


Хэн нэгэн намайг өрөвдөхөд би дургүй

Хэлсэн үгийг минь ойшоохгүй байхад би дургүй

Хүсээгүй бүхнийг минь надад сануулахад би дургүй

Хүн хүнээс илүүтэй хуурч мэхлүүлэхэд би дургүй

Зүрх сэтгэлийг минь хэлэхгүйгээр булаахад би дургүй

Зүүд нойронд минь зөвшөөрөлгүйгээр айлчлахад би дургүй

Зөвлөж хэлэлгүйгээр өмнөөс минь шийдвэр гаргахад би дургүй

Зөв бурууг ч ялгалгүйгээр надруу чичиж ярихад би дургүй

Бүрэнхий үдшээр ганцаар алхах би дургүй

Битүүхэндээ хэн нэгнийг хүлээх би дургүй

Боловсон зан гаргаж худлаа дүр эсгэхэд би дургүй

Байгаагаараа байж чадахгүй хорвоод бусдынхаар байх би бүүр ч дургүй








Таван амт

"Би" - бий болно


Баяр гунигийн солонгон туяаг хэрж "Би" амьдардаг
Буруу энгэртэй дээл шиг буруу, будлиу, болхи өөртэйгээ тэрсэлдэнэ
Буруу ишилсэн сүх шиг буруу, тэрсүү, давруу орчлонтой тэрсэлдэнэ
Баруун зүүний тасархай, байх байхгүйн эмтэрхий "Би" -бий болно

Буурал хорвоог бусдын адил элээх л хойно
Буруу зөвийн нугачаанд бүдэрч тэнцэж амьдархаас л хойно
Байх ёстой газраа байх ёстой үнэн нь байгаа л хойно "Би" -бий болно

Хүний нүдэнд илүү харагдаж
Хэлний зугаа, хэрүүлийн үзүүрт нэр минь холилдож
Худал, үнэний дэнсэн дээр чигийн зүү буруу заавч
Хөлбөрч, хувиралгүй "Би" -гээрээ л амьдрах болно

Өөдлөх цагт "Би" миний бахархал байна
Уруудах цагт "Би" миний харамсал болно
Өлсөх цагт "Би" миний идэш байна
Цадах цагт "Би" миний өглөг болно

Буруу ч, зөв ч
Бусдын ертөнцөд худалдагдахгүй
"Би" -бий болно

Өтлөх цагт "Би" миний түшиг болно
Үхэх цагт "Би" миний гэрч болно
Үгүйлэхүй үгүй болохын цагт "Би" миний дурсгал болно
Би өөрөө "Би" байж чадах аваас
Бүх цаг хугацаанд "Би" мөнх оршино
"Би" -бий болно








Таван амт

Monday, January 4, 2010

Миний дуртай шүлгүүдээс

Нэг л мэдэхнээ, он цаг урсчихаж...


Цаг хугацааны аянган хүрдэнд

Чиний нулимас бороо болж

Над дээр асгарна

Би хэнэггүйхэн норж

Чамд мэдэгдэлгүйхэн алхана

Бурхадтай наргих жаргалын хүрээлэнд

Чиний инээд жавар болж өвөр цанттал салхилна

Би гудиггүйхэн даарч

Чамд хэлэлгүйхэн алхална

Хөөсрөн сагах дарс шиг

Хүний эмх замбараагүй орчлонд

Ирэхгүйг чинь би мэдсээр байж

Их удаан хүлээчихжээ.


Нэг л мэдэхнээ, Он цаг урсчхаж дээ


Таван амт

Миний хүсэл хортой


Бодол минь уруугаа ургаад

Шаналж өвдөөд

Хорсож зэвүүцээд

Атаархаж уурлаад

Миний хүсэл – МУУХАЙ

Ургах тусмаа улам ширэлдэж

Удахгүй түүндээ төөрч орхино

Урт өргөсөнд нь хатгуулаад

Улаарсан бух шиг болно

Миний хүсэл -ХОРТОЙ

Хаврын салхи хавирга нэвтлэх шиг

Хавьтсан ойртсондоо үсчих чонос мэт

Ааш нь олдохгүй янтгар хүүхэн шиг

Миний хүсэл -ХУВЬСАМТГАЙ

Хийлээд л байвал дүүрээд байх бөмбөг шиг

Хэзээ хаграхаа мэдэхгүй шунал шиг

Гэдэс цадсан ч сэтгэл цадахгүйн зовлон шиг

Миний хүсэл- ХАНАШГҮЙ


Таван амт

Чи л битгий...


Дон дон хийгээд хөг ордоггvй ятга шиг

Догдлохоо больсоон, энэ муу сэтгэл

Уянгатай сайхан vг, хайрын харц, халуун амьсгаанд

Уярахаа больсоон залуу минь, намайг бvv зовоо

Хийсээд л байсан, нисээд л байсан тэр намрын навч

Хийлийн эгшиг цурхирах шиг би уйлаад л байсан

Толгой өндийлгөж дараа нь уужранхан бодоод

Тоохоо больсоон, дурлал хайр гэдгийг чинь

Хөдлөхөө больсоон, энэ муу сэтгэл

Хөөрхий минь юугаар хуурдаг билээ

Хөндөлсөж зам дээр битгий хvлээ

Хөсөр хаясаан би залуу насаа, чи л битгий тэгээрэй


Таван амт

Учрахсан


Учрахсан гэж дурлалыг удаан хүлээлээ
Уярахсан гэж хайрыг би удаан хайлаа
Газар дэлхий дээр дурлагсад зуу зуугаараа байхад
Гагцхүү намайг л тойрох нь юуны учир вэ

Дурлахсан,
Дурлахсан гэж он цагийг туулан хүлээлээ
Дуулахсан гэж орчлонг аргадан шүлэглэлээ
Дуулим хорвоо дээр хүмүүн мянга мянгаараа байхад
Даанчиг намайг л тойрох нь юуны учир вэ

Хайрлахсан,
Хайрлахсан гэж хэн нэгнийг өчнөөн хүлээлээ
Хайлахсан гэж зүрхээ чагнан төчнөөн эрлээ
Хөрст дэлхий дээр хайрлагсад бум түмээрээ байхад
Харин намайг л олохгүй нь юуны учир вэ
Үржинхандын шүлгүүдэд сүүлийн үед их дуртай болоод байгаа...


Таван амт