Wednesday, January 6, 2010

"Би" - бий болно


Баяр гунигийн солонгон туяаг хэрж "Би" амьдардаг
Буруу энгэртэй дээл шиг буруу, будлиу, болхи өөртэйгээ тэрсэлдэнэ
Буруу ишилсэн сүх шиг буруу, тэрсүү, давруу орчлонтой тэрсэлдэнэ
Баруун зүүний тасархай, байх байхгүйн эмтэрхий "Би" -бий болно

Буурал хорвоог бусдын адил элээх л хойно
Буруу зөвийн нугачаанд бүдэрч тэнцэж амьдархаас л хойно
Байх ёстой газраа байх ёстой үнэн нь байгаа л хойно "Би" -бий болно

Хүний нүдэнд илүү харагдаж
Хэлний зугаа, хэрүүлийн үзүүрт нэр минь холилдож
Худал, үнэний дэнсэн дээр чигийн зүү буруу заавч
Хөлбөрч, хувиралгүй "Би" -гээрээ л амьдрах болно

Өөдлөх цагт "Би" миний бахархал байна
Уруудах цагт "Би" миний харамсал болно
Өлсөх цагт "Би" миний идэш байна
Цадах цагт "Би" миний өглөг болно

Буруу ч, зөв ч
Бусдын ертөнцөд худалдагдахгүй
"Би" -бий болно

Өтлөх цагт "Би" миний түшиг болно
Үхэх цагт "Би" миний гэрч болно
Үгүйлэхүй үгүй болохын цагт "Би" миний дурсгал болно
Би өөрөө "Би" байж чадах аваас
Бүх цаг хугацаанд "Би" мөнх оршино
"Би" -бий болно








Таван амт

No comments:

Post a Comment