Sunday, April 14, 2013

Бүх зүйл ингэж буруугаар эргэхийг мэдсэн бол би мөрөөдөхгүй юунд ч итгэж найдахгүй байсан, гэвч Бүгд л залуухан ганцаардмал бас, хэнийг ч юм эрж хайж явсан Дуу хоолой ингэж ганцхан өндөрсөөд л, ахиж хоорондоо дуугарахгүй болно гэж хэн нь ч санаагүй дээ... Ахиад л ганцаардмал чимээгүй бас, юунд ч юм найдаад Амьдарсаар л яваадаа би итгэж чадахгүйнээ.
нисэн одох навчис, чичрэн үлдэх шувууд нэг л гунигтай нүдэн дэх намар шиг хавар, хавар шиг намар өөрөөс нь өөр хүнгүй ийм ганцаардмал ертөнцөд өрөвдөхгүй байж чадахгүй ээ навч шиг жижигхэн хүмүүсийг илчгүйхэн ээх нарандаа бүлээцэн хайлах цас нь ирмэг үзүүр нь элээд уйлагнан дуслах мөс нь ижийгийн нүднээ мэлтэлзээд эрхгүй урсах нулимс нь ивийлэхгүй байж чадахгүй ээ нар шиг дулаахан хүмүүсийг...

Don't cry

Уйлахгүй тэсээд гар! Уйлахгүй тэсээд гар, Цаг хугацаа цааш нь чамайг хөтлөөд явна. Цаг хугацаанд хөтлүүлээд алхаж яваагаас хойш Уйтгарлана, ганцаардана, унана, бүдэрнэ, хаяна, хаягдана, хайран санагдана, гүйнэ, гүйцнэ Уйлахгүй л тэсээд гарвал Урдаас чинь цаг хугацаа инээд алдаад угтаад авна.

* * *

Гундуухан ийм өдөр хүмүүсээс нуугдаж Гунигтай, нулимстай, амьд байгаагаа мэдэрнэ Уйлаад, хаа ч юм халамцуу яваа найзуудаа нэхэж Улаанбаатарыг заамдаж аваад сэгсэрмээр болно Цээжний ёроолд мартагдсан хөгжимчин юунд ч юм итгэсээр Чин үнэнээсээ хөгжимдсөөр байгааг нь олж сонсмогц нулимс асгарна Ивий, хэний ч юм татсан ганц зураас бичсэн ганц мөр Ингэж минийх шиг хөндүүрлэхэд харьмааргүй санагдана...