Monday, April 25, 2011

Энэ үг их таалагдаад . . .


the beauty of a woman, it isn't in the clothes she wears. the figure that she carries or the way she combs her hair. the beauty of a woman is seen in her eyes, because that's the doorway of her heart, the place where love resides. the true beauty is a woman, is reflected by her soul. it's the caring that she gives and the passion that the shows. and the beauty of a woman, with passing years, only grows.

...


Нулимсыг минь чи хэзээ ч үзэхгүй ээ
Тийм болохоор
Нууцыг минь тайлж чадахгүй
Атгаастай гартаа би юуг нандигнасныг
Алхаж байхдаа ч чухам юунд гэж залбирдагийг
Алиныг нь ч чи мэдэж чадахгүй ээ
Усны гүн дэх дун шиг зүрхийг минь
Чихэндээ барьж дийлэхгүй болохоор
Ус ханхалсан нүдний минь хэлэхийг
Уруулаараа тэмтрээд ч сонсохгүй болохоор
Тэнгис цалгилан буй биеийн минь гүнд
Тэвчээртэй хөвөх загасны амирланг мэдрэхгүй ээ
Хүлхэж, долоож, энхрийлээд ч чи намайг танихгүй
Хүслийн минь үзүүр төдийхөнд ч чиний гар хүрэхгүй
Амтлан тамшаалж, тачаагаад ч чи намайг хүртэхгүй
Аньсгандаа хүртэл зүрхтэй гэдгийг минь хэзээ ч чи мэдэхгүй ээ ....

Ингээд л би ...


Ингээд л би хорин найм хүрчихлээ
Инээж, гуниад л алхалсаар хорин наймтай болчихлоо
Амьдралын нимгэхэн номныхоо хорин найм дахь хуудсыг
Алгуурханаар эргүүлээд би хөнгөхөөн санаа алдчихлаа
Ингээд л би хорин наймтай болчихлоо
Ирээдүйн тухай одоо бодмооргүй болчихлоо
Нэг их сайхан зүүднээс шаналал тээн сэрэх шиг
Нэлэнхүйдээ өнгөрсөн бүхэн хэлэхийн аргагүй гуниг юм
Өөд уруутай шатыг тоолон тоолон алхлаад л байсан
Өгсөж эсвэл уруудаж явсанаа одоо ч би мэдэхгүй ээ
Өнөөдөр л би ямар ч байсан хорин наймтай болчихлоо
Өглөө сэрээд ахиад тоолоход хэд хүрчихсэн байх бол доо...
2011.04.15

Өөртөө хадгалах шүлгүүд 5


Зөөлөн СИ өнгөөр амьсгал
Төөрөг тавилангаа нотны дэвтэрээр тараагаад
Төгөлдөр хуурын тавиурт чанд гэгч бөхөлөөд
Хамаг үлдсэн насныхаа цор ганцхан аязны
Хавтсаны эхэнд нэрийг нь АМЬДРАЛ гэж бичнэ.
Соль түлхүүрийн араас солгой хөг, залуу нас
Согтуу хүн шиг гуйвлаад тэнгэр зүг гогцоорно
Cалалт урвалт уучлалууд энгэрэн цаана гороолоод
Cаран дээрх учирлууд бүгд СОНАТ болж үлдэнэ
Дэвсгэр шугаманд хүү минь аялгуу салгаад
Дэндүү цагаан хуудас дэвтэрнээс урж одно
Урт замын эхэнд тэр бас хөгжимчин болоод
Учирал хийгээд хагацалыг өөрийн хэмнэлээр дуулна.
Өвлийн цас хаврын бороо шиг аялгуу
Өрхөн дээр цэнхэр алчуур мэт дэрвэнэ
Өнө мөнхөд цагалбар эргэдэгээр эргэж
Өрцөн цаадах эгшиг гэгээн алсад одно
Хар цагаан... хар цагаан.. зовлон жаргал шиг даруул дээр
Хайр гунигаар дүүрэн АМЬДРАЛ-ийн сүүлчийн хуудсанд
Зөөврийн унаа шиг сар жилүүд зогсоолдоо зогсож
Зөөлөн СИ өнгөөр сүүлчийн тактанд амьсгал хураана...

Tuesday, April 12, 2011

Өөртөө хадгалах шүлгүүд 4


Хувь тавилан бид хоёр
Заримдаа жаахан маргалдахаараа
Эртний дайчдын хурц иртэй
Хутга шиг үгсээр хоёр биенийхээ
Зүрхийг зүсэж хуруугаа эсгэчихээд
Нэрэлхсэндээ дараа нь хоорондоо хуруудаж
Ялагдсаныгаа ойролцоох эмийн сан руу
Хурууны боолтонд гүйлгээд
Хувь тавилан бид хоёр
Худал инээмсэглэх завгүй
Гэгээн амьдарч байна, энүүхэндээ...

Амьдрал хоёрхон өнгөтэй, хар тэгээд цагаан ...





Өөртөө хадгалах шүлгүүд 3


Хурууны минь үзүүрээс уяатай алтан утасны
Хурмаструу цойлсон нөгөө үзүүрээс чи атган суугаа.
Би итгэдэг, энэ орчлонд
Биднийг холбосон ямар нэгэн шижим бий гэдэгт.
Хуруугаараа би тэнгэрээс дүүжлэгдээд
Нуруугаа амьдралруу харуулчихаад агаарт хөвөөд л байгаа
Бодит амьдралдаа эргэн ирээч гэсэн
Богинохон үгтэй захидлууд надад ирээд л байгаа
Би итгэдэг энэ амьдралд
Бидэнд зориулагдсан ямар нэгэн орон зай бий гэдэгт.
Галт тэрэгнүүд урдаа тийм урт шат тавьчихаад
Газар дээгүүрээ л мөлхөөд байхаар нь заримдаа би цухалддаг ч
Үүл болоод нар, тэдний дэргэд чи минь байхад
Өчүүхэн төдий салхи дэгдэхэд л хөөрч чадах юм шиг санагддаг
Тэгээд л би ямагт инээж, дээшээ ширтэж
Тэндээс чи гараан сунгаж, намайг татаад л авах өдрийг
Тэсгэлгүй ихээр хүлээж, хүлээн хүлээхдээ
Тэнгэр болоод газрын хооронд
Тэгийн төдий ч зай үгүй дээ гэж боддог...
Би итгэдэг, энэ орчлонд
Бидэнд зориулагдаагүй ямар боловч зүйл үгүй гэдэгт...

Өөртөө хадгалах шүлгүүд 2


Дүр эсгэж
Эсгэснээ эвтэйхэн зүйж
Эвлүүлэн оёж
Энд тэнд явахдаа
Ээлжлүүлэн зүүж
Уулзах хүн бүрийнхээ таашаалд зориулан
Углах дүрээ халаасан дотроо хулгайч шиг тэмтэрч
Биенийхээ эсгэсэн дүрийн уран нарийнийг
Биширч, халуунаар тэврэлдэн салаад
Алжаасан бээр үдэш нь хуучин толины өмнө
Амгалан, хүндтэй, ухаантай, дорой, омголон, завхай
Зүсэн зүйлийн зүйдэл болж зүдэрсэн царайгаа харан зогсохдоо
Зүрхээр үхэж, хэнд ч юм хачин ихээр гомдож.., тэгээд хутга шүүрэн
Эсгэсэн дүрүүдээ хайр найргүй ханз татна.., хурц мэдрэмж...
Эсгэчихсэн нүүрээ цочин дарахуй
Алган дотор час улаан гуниг.., тайвшрал, тэгээд нэг асуулт?
Амьдралд БИД байдаг гэж үү?

Өөртөө хадгалах шүлгүүд 1


Гэнэн бай хонгор минь
Итгэмтгий бай
Гэрэл зурах нүд
Ихэмсэг гоо төрхтэй бай
Өвдөлт мэт мэдрэгдэх
Өвчүү зурах хайртай бай
Өнөөдөр ирээд маргааш буцах
Өлөн нүд, хэврэгхэн дурлалтай бай
Цав цагаан мөрөөдөл
Цэв цэнхэр хүсэлтэй бай
Цантсан нүд зунаар ч сэрэхгүй
Цас мэт хөнгөн гунигтай бай
Алдаж чаддаг, харуусаж чаддаг бай
Аргадаж чаддаг, харамлаж чаддаг бай
Агсамнаж, дурлалын өмнө хөгөө чирлээ ч
Ардах өдөр нь хаан мэт завилах
Ширэн нүүр, шилэн зүрхтэй бай

Эрэмгий төрх
Түрэмгий зан
Эрчүүдийн харцнаас чөлөөлөгдсөн тэр
Намхан нуруу
Савхан хуруу
Наждын орчлонд дураар тэнэгч тэр
Урт хумс, час улаан өнгө
Уйтай дүрлэн нүд, хэнэггүй хэсүүлч тэр
Сархадын лонх, саваагүй инээд
Тамхины утаа, танхай ихэмсэг тэр
Задгай эрх чөлөө, ороо бусгаа тэр
Зайгуулын газар суугуул, суугуулын газар зайгуул тэр
Ингэж би яаж чам шиг эрх чөлөөг залгилхав
Тэгэж би яаж чам шиг тэргүүн эрхэмсэг амьдрах вэ
Дотоод чинадын нүргээнээ хэрхэн яаж дураар нь цацаж
Доромж гашууныг үл тоон бардам ихэмсэг алхах вэ...

Sunday, April 10, 2011

Би татдаг


Санаа алдаж байгаагаа бусдаас нуух гэж би тамхи татдаг
Санаашрал минь утаа болоод намайг орхиж байна гэж би итгэж тамхи татдаг
Цав цагаан үүлсийг уруулаараа зурах гэж би тамхи татдаг
Цаг хугацааг үнс болон үлдэгийг би мартахгүйн тулд тамхи татдаг
Навч болоод өвсний зовлонг амтлах гэж би тамхи татдаг
Надад буй юм бүхэн уугиж үгүй болно гэж сэтгэж би тамхи татдаг
Шунал хүслээ мансууралаар дэврээх гэж би тамхи татдаг
Шувуу шиг гуурс бүхэндээ хий дүүргээд хаашаа ч юм нисэх гэж би тамхи татдаг

Батзаяагийн шүлгүүдээс ...


Би тамхи сорохын тоогоор санаа алдаж
Санаа алдах бүртээ салхиар яагаад амьсгалдагаа
Санаашрал гэж чухам юу болохыг гайхдаг
Чи тэгдэг үү?
Би тааз ширтэн хэвтэхийн тоогоор хэрэн тэнүүчилж
Хэрэн тэнүүчлэх бүртээ хэн нэгнийг яагаад хайдгаа
Хэрмэл сүнс надаас чухам юу хүсдэгийг гайхдаг
Чи тэгдэг үү?
Би унтахын тоогоор нисэж байна гэж зүүдэлдэг
Зүүдлээд сэрэх бүртээ далан дээр минь яагаад ийм сорви байдгийг
Даль жигүүрээ чухам хаана гээчихсэнээ гайхдаг
Чи тэгдэг үү?
Би хүн гэж нэрлэгдэхээс, хүч чадалтай байхаас ичдэг
Ичих тоолондоо тэгээд ургамал бас амьтад хүмүүст ямар гэм хийснийг
Ухаан хайр хоёр чухам юунд хэрэгтэйг гайхдаг
Чи тэгдэг үү?