Sunday, April 10, 2011

Батзаяагийн шүлгүүдээс ...


Би тамхи сорохын тоогоор санаа алдаж
Санаа алдах бүртээ салхиар яагаад амьсгалдагаа
Санаашрал гэж чухам юу болохыг гайхдаг
Чи тэгдэг үү?
Би тааз ширтэн хэвтэхийн тоогоор хэрэн тэнүүчилж
Хэрэн тэнүүчлэх бүртээ хэн нэгнийг яагаад хайдгаа
Хэрмэл сүнс надаас чухам юу хүсдэгийг гайхдаг
Чи тэгдэг үү?
Би унтахын тоогоор нисэж байна гэж зүүдэлдэг
Зүүдлээд сэрэх бүртээ далан дээр минь яагаад ийм сорви байдгийг
Даль жигүүрээ чухам хаана гээчихсэнээ гайхдаг
Чи тэгдэг үү?
Би хүн гэж нэрлэгдэхээс, хүч чадалтай байхаас ичдэг
Ичих тоолондоо тэгээд ургамал бас амьтад хүмүүст ямар гэм хийснийг
Ухаан хайр хоёр чухам юунд хэрэгтэйг гайхдаг
Чи тэгдэг үү?

No comments:

Post a Comment