Tuesday, April 12, 2011

Өөртөө хадгалах шүлгүүд 2


Дүр эсгэж
Эсгэснээ эвтэйхэн зүйж
Эвлүүлэн оёж
Энд тэнд явахдаа
Ээлжлүүлэн зүүж
Уулзах хүн бүрийнхээ таашаалд зориулан
Углах дүрээ халаасан дотроо хулгайч шиг тэмтэрч
Биенийхээ эсгэсэн дүрийн уран нарийнийг
Биширч, халуунаар тэврэлдэн салаад
Алжаасан бээр үдэш нь хуучин толины өмнө
Амгалан, хүндтэй, ухаантай, дорой, омголон, завхай
Зүсэн зүйлийн зүйдэл болж зүдэрсэн царайгаа харан зогсохдоо
Зүрхээр үхэж, хэнд ч юм хачин ихээр гомдож.., тэгээд хутга шүүрэн
Эсгэсэн дүрүүдээ хайр найргүй ханз татна.., хурц мэдрэмж...
Эсгэчихсэн нүүрээ цочин дарахуй
Алган дотор час улаан гуниг.., тайвшрал, тэгээд нэг асуулт?
Амьдралд БИД байдаг гэж үү?

No comments:

Post a Comment